Олон улсын газарзүйн олимпиадад Монголын баг  

Олон улсын газарзүйн олимпиад 1996 оноос анхлан зохиогдож, манай улсын баг 2013 онд Японы Киото хотноо болсон 10 дахь удаагийн олимпиадаас эхлэн оролцож байна. 

Олон улсын газарзүйн Холбооны (International Geographical Union-IGU) ивээл дор зохион явагддаг энэ олимпиадын журам ёсоор нэг улсаас 2 багш, 4 сурагч (тухайн оны 6 дугаар сарын 30-нд 16 нас хүрсэн) оролцдог ба бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагддаг. Чех улсын нийслэл Прага хотноо 1994 онд болсон ОУГЗХ-ны Конгрессийн үеэр газарзүйн олимпиадыг олон улсын хэмжээнд зохион байгуулах санаачлага гарч, 1996 онд Нидерландын Гааг хотод болсон анхны олимпиадад 5 улс оролцож байсан бол 2013 онд 32 улс оролцсоны нэг нь Монгол байв. 2016 онд БНХАУ, 2018-онд Серб улсад болсон олимпиадаас манай сурагчдаас мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. 

Олон улсын Газарзүйн 11 дүгээр олимпиад Польш улсын эртний нийслэл Краков хотод 2014 оны 8 дугаар сарын 12-18-нд болсон. Румын, Польш, Нидерланд, Сингапур улсын баг олон удаа тэргүүн байр эзэлж байсан ба 2013 оны Киото-ийн олимпиадад эхний 10 байранд Румын, Хорват, Сингапур, Австрали, Польш, Словак, Эстони, Индонез, Унгар, Словен орсон юм. 

Олон улсын Газарзүйн 13-р олимпиад 2016 оны 8 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотод болж А.Өлзийтогтох (1-р сургууль), Н.Буянжаргал (1-р сургууль), Э.Жагар (Шинэ Эрин), Г.Мөнгөнзаяа (Сант) нар проф. Е.Батчулуун (МУБИС), багш Түвшинжаргал (1-р сургууль)-ын удирдлага дор оролцов. Уг олимпиадаас "Шинэ эрин" сургуулийн сургуулийн сурагч Э.Жагар анх удаа 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртжээ.

2019 оны 7 сарын 30-аас 8 сарын 5-ны өдрүүдэд олон улсын Газарзүйн 16-р олимпиад БНХАУ-ын Хонг Конг хотноо болж 44 орны 172 сурагч оролцсон билээ. Олимпиадад Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн 12-р ангийн сурагч П. Оюундалай, Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 12-р ангийн сурагч Х. Маралмаа, Э. Бат-Амгалан, 1 дүгээр сургуулийн 11-р ангийн сурагч Т.Ундаръяа, багийн ахлагчаар МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, проф. Е.Батчулуун, Ц.Сэр-Од нар оролцов. 

Олон улсын Газарзүйн 19 дүгээр олимпиад Индонез улсын Бандун хотноо 2023 оны 08 дугаар сарын 8-14-ний хооронд болж багийн бүрэлдэхүүнд ахлагч Х.Цогбадрал (МУБИС), Ц.Сэр-Од (МУБИС), оролцогч М.Мөнхжаргал (Шинэ Монгол Xарумфужи ЕБС), Г.Мөнхжавхлан (Шинэ Эхлэл ЕБС), Г.Энхжин (1-р сургууль), Т.Номун (Орчлон сургууль) нар оролцсон.

Олон улсын газарзүйн 20-дугаар олимпиад Ирланд улсын Дублин хотод 2024 оны 8 дугаар сарын 19-24 ний өдрүүдэд болж Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Maynooth Их Сургууль, Trinity College of Dublin, Дублиний Их Сургууль нар ажиллав. Энэхүү олимпиадад дэлхийн 46 орны 183 сурагч, 2 орон ажиглагчаар, 150 орчим багш, профессорууд оролцлоо. Монгол улсыг төлөөлж оролцсон сурагчид T.Ананд-Очир (Шинэ Монгол Харумафужи сургууль 11-р анги), Б.Нямцэнгэл (Орхон-Хасу сургууль 11-р анги), С.Чинбаатар (МУИС-Байгаль Эх лицей ахлах сургууль 12-р анги), Б.Ананд (Оюунлаг сургууль 11-р анги) О.Мэндбаяр (МУИС), Ч.Наранцэцэг (МУИС) нарын удирдлага дор оролцов.

Олимпиад нь онолын буюу бичгийн шалгалт, хээрийн дадлага, мультимедиа тест гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Багийн ханын илтгэл шалгаруулдаг ба тухайн орны онцлогийг харуулсан соёлын арга хэмжээ зохиогддог. Даалгавар нь ерөнхийдөө газарзүйн үнэлгээний арга, хэлбэрийн талаар олон улсад баримталж буй жишгээр цээжилсэн мэдлэг шалгах бус газарзүйн зураг, гэрэл зураг, бусад гео дүрслэлийг уншиж ашиглах, хүснэгтэд мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг чадварыг шалгах замаар шинжлэн судлах арга барилд суурилсан үнэлгээний хэлбэрт нийцүүлэн боловсруулагдсан байдаг. Энэ нь газарзүйн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй болон үнэлгээг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.