Олон улсын олимпиадын сунгаа – 10
April 11, 2025Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын Газарзүйн олимпиад 29 дахь удаагаа 2025 оны 4 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, ЗГХА-ийн харъяа Боловсролын Ерөнхий газар, Монголын Газарзүйн олимпиадын хороо ТББ, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим ажиллаж, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн харъяа Газарзүй – Геоэкологийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургууль, Сургалтын хэрэглэгдэхүүний ББ компани, Монголын Газарзүйн Боловсролын нийгэмлэг, Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн төв ТББ, Динза цондоолойгийн анд найзууд ТББ зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүллээ.
Засгийн газраас 2025 оныг Бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан 29-р олимпиад “Газарзүй-Бүсчилсэн хөгжилд” сэдвийн дор зохион байгуулав. Олон улсын олимпиадын сэдвүүдийн хүрээнд блюпринт боловсруулж, 3 сарын 19-нд geography.mn олимпиадын вэбсайтад байршуулсан ба блюпринтийг мөрдөн асуулт даалгаврыг олон улсын олимпиадын жишигт нийцүүлэн боловсруулж ажиллалаа. Үүнд Уур амьсгал, түүний өөрчлөлт, Агаар мандлын физик төлөв байдал ба процес, Гамшиг, гамшгийн менежмент, Гадарга ба геоморфологи, Цэвдгийн судалгаа, Ус судлал ба усны менежмент, Нөөц, түүний менежмент, Биогазарзүй, экосистемийн өөрчлөлт, Хүрээлэн буй орчны газарзүй, тогтвортой хөгжил, Хөдөө аж ахуйн газарзүй, хүнсний асуудал, Хүн ам ба өөрчлөлт, Эдийн засгийн газарзүй, даяаршил, Хөгжлийн газарзүй, орон зайн тэгш бус байдал, Хотын газарзүй, хотын өөрчлөлт, төлөвлөлт, Аялал жуулчлалын менежмент, Соёлын газарзүй ба бүс нутгийн онцлог, Улс төрийн газарзүй, геополитик, Тээврийн газарзүй ба дэд бүтэц, Эрүүл мэндийн газарзүй, өвчний тархалт зэрэг сэдвүүдийн хүрээнд газарзүйн зургийн чадвар, график диаграмын чадвар, ШУАБ чадвар, орон зайн сэтгэлгээний чадвар, хээрийн судалгаа, өгөгдөл цуглуулах чадвар, өгөгдөл дүрслэх, тооцоолох чадвар, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадваруудыг ашиглан гүйцэтгэх даалгаврууд боловсруулав.
Олимпиадын үеэр багш онол 100%, 9 болон 12 дугаар ангийн сурагчид онол 50%, дадлага 30%, мультимедиа шалгалт 20% жингээр үнэлэв. Энэ удаагийн олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу аймаг, нийслэлээс шалгарсан нийт 191 оролцогч, 9 дүгээр ангийн сурагч 55, 12 дугаар ангийн сурагч 51, багш 86 оролцов.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Газарзүйн олимпиадын хорооны гишүүдээс гадна, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Д.Эрдэнэбаяр, Монголын Газарзүйн нийгэмлэгийн захирал Д.Баттогтох, ШУ-ы гавьяат ажилтан Нямдаваа зэрэг газарзүйн салбарын хүндэт зочид, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, Цаг уур, ус судлалын тэнхим, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим, Шинжлэх Ухааны Академийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцлоо. Олимпиадын цахим үйл ажиллагааг “Мексим” компани хариуцаж ажилласан.
Олимпиадад багш сурагчдын байр эзэлсэн байдал болон харъяа сургуулиудыг танилцуулбал:
Багш нарын тэмцээнд:
- Б.Оюундэлгэр /Хобби сургууль/
- М.Баасанхүү /Сэлэнгэ, 1-р сургууль/
- Б.Батдорж /Шинэ Монгол сургууль/
- А.Сансартуяа /Хөвсгөл, Эрдмийн далай сургууль/
- Б.Наранцэцэг /Увс, Улаангом хотын 3 дугаар сургууль/
- Н.Мөнгөнцацрал /Говь-Алтай, Хантайшир Эрдэм сургууль/
Тусгай байр Н.Ууганхүү / Канад сургууль/
Тусгай байр Л.Гантулга /141 дүгээр сургууль/
Тусгай байр Л.Отгонсүрэн /Их засаг лицей сургууль/
Тусгай байр Б.Бадамгарав /Өвөрхангай, Хужирт 2 дугаар сургууль/
Тусгай байр Г.Төмөрцоож /Хобби сургууль/
Тусгай байр Н.Дагиймаа /Говь-Алтай 2 дугаар сургууль/
Тусгай байр Б.Азжаргал /Өвөрхангай, Богд сумын сургууль/
Тусгай байр Г.Энхтуул /23 дугаар сургууль/
XII ангийн төрөлд
- Ц.Бүрэнбаяр /Орхон Хасү сургууль/
- Б.Отгонцагаан /Увс, Улаангомын 2 дугаар сургууль/
- Х.Номин-Эрдэнэ /Хөвсгөл, Эрдмийн далай сургууль/
- Т.Сарангэрэл /Сэлэнгэ, Сүхбаатар 1 дүгээр сургууль/
- Н.Ундрам /Орхон Хасү сургууль/
- О.Дөлгөөн /Дорнод, 1 дүгээр сургууль/
- Б.Ананд /Оюунлаг сургууль/
- Э.Тэнүүн /Хобби сургууль/
- Т.Амарзаяа /Дархан-Уул, Од сургууль/
- А.Амина /Гёте сургууль/
IX ангийн төрөлд
- Т.Мичид /Хобби сургууль/
- Г.Билгүүн /Орхон Хасү сургууль/
- Н.Энэрэл /Дорноговь, Сайншанд 1 дүгээр сургууль/
- Г.Мичидмаа /Орхон, 5 дугаар сургууль/
- А.Номунсайхан /Хобби сургууль/
- Б.Шүр-Эрдэнэ /Хөвсгөл, Дэлгэрмөрөн сургууль/
- С.Буманханд /Орхон Хасү сургууль/
- А.Халиун /Орхон Хасү сургууль/
- О.Оюу-Эрдэнэ /Өвөрхайнгай, Хархорин гүнзгий сургууль/
- Б.Сарнай /Гёте сургууль/
- Б.Учрал /Хобби сургууль/
- Э.Билэгт /Оюунлаг сургууль/ нар тус тус амжилт үзүүллээ.
Олимпиадад амжилттай оролцож шагналт байранд шалгарсан багш сурагчдад диплом, медаль, хамтран ажиллагч байгууллагуудын шагналыг олгосон. Мөн сурагчдаа олимпиадад бэлтгэн амжилттай оролцуулсан багш нарт олимпиад зохион байгуулах хороо, хамтран ажиллагч байгууллагуудын нэрэмжит шагналыг гардуулсан.
Улсын Газарзүйн 29-р олимпиадын асуулт даалгавар боловсруулах бүрэлдэхүүнд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш нар болон МУБИС-Газарзүйн тэнхимийн багш нар ажиллан, багш, сурагчдын онол, дадлагын асуулт даалгаврыг боловсруулж, мөн олимпиадын дүнг гарган танилцуулсан.
12-р ангийн сурагчдын дадлагын тэмцээний үйл явц – Сурагчид хөрсний дээж, түүний шинж чанарыг тодорхойлох даалгаврыг гүйцэтгэв. 9-р ангийн сурагчдын дадлагад чулуу таних даалгавар багтсан.
Улсын Газарзүйн 29-р олимпиадад оролцогчид тэмцээнээ дууссаны дараагаар МУБИС-ийн ДУТС-ийн оюутнуудын тоглолт үзэж, алжаалаа тайлсан. Олимпиадын үйл ажиллагааны хаалтын үйл ажиллагааг NTV телевиз, Монголын радио сурвалжлан олон нийтэд хүргэлээ. Олимпиадын үйл ажиллагааны мэдээллийн МУИС, МУБИС-ийн цахим хуудсанд байршууллаа.
Ирэх жил МУИС-ийн Газарзүйн тэнхимийн 70 жил, Газарзүйн улсын олимпиадын 30 жилийн ой тохиолдоно.
Улаанбаатар хот
2025 он