2026.01.09 Олон улсын олимпиадын сунгаа 9
January 9, 20262026.01.30 Олон улсын олимпиадын сунгаа 10
January 30, 2026НИЙТ ГАЗАРЗҮЙН БАГШ НАРТ ХҮРГЭХ ТАЙЛБАР МЭДЭГДЭЛ
Эрхэм хүндэт газарзүйн багш нар аа,
2026 оны 1 дүгээр сарын 22-нд зохион байгуулагдсан цахим газарзүйн олимпиадын II даваатай холбоотойгоор зарим оролцогчдод даалгаврын зураг харагдахгүй байх, удаан ачааллах, нэвтрэх болон хариу илгээх явцад саатал үүсэх зэрэг техникийн хүндрэлүүд гарсан тухай мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс Боловсролын ерөнхий газарт албан ёсоор тайлбар хүргүүлж, мөн цахим шалгалтын платформ болох Exam.net-ийн техникийн багтай хамтран дотоод шинжилгээ, шалгалт хийсэн болно.
- Ерөнхий нөхцөл байдал:
Олимпиадад нийт 2401 оролцогч бүртгүүлж, 2156 оролцогчийн хариу системд ирсэн. Нэг оролцогч дунджаар 40 орчим зурагтай даалгавар гүйцэтгэсэн. Ингэснээр нэг сурагчид ойролцоогоор 30 MB өгөгдөл богино хугацаанд татагдсан бөгөөд оролцогчдын ихэнх нь нэгэн зэрэг нэвтэрсэн нь сүлжээний ачааллыг огцом нэмэгдүүлсэн.
- Олимпиадын үеэр гарсан бодит хүндрэлүүд:
Зарим оролцогч буруу бүртгэл хийсэн, эсвэл нэвтрэх мэдээллээ буруу оруулсан, зарим газар интернэт болон цахилгаан тасалдсан, үүнтэй холбоотойгоор зарим сурагч системээс гарч, дахин нэвтрэх шаардлага үүссэн. Шалгалтын явцад зохицуулалт хийж, тухайлбал нэмэлт хугацаа олгох, дахин нэвтрэх боломж бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлсэн болно.
2.1. Мэдээлэл дамжуулалт, зохицуулалтын тухай:
Олимпиадын явцад гарсан хүндрэлүүдтэй холбогдуулан зохион байгуулагч хорооноос мэргэжилтнүүдэд зориулсан Viber сувгаар албан мэдээллийг нэгэн зэрэг, ижил агуулгатайгаар дамжуулсан. Үүнд: тог тасарсан учраас шалгалтын хугацааг 20 минутаар сунгах, даалгаврыг PDF хэлбэрээр хэвлэж харах боломж олгох зэрэг зохицуулалтууд хийсэн. Хорооноос бүх аймаг, дүүрэгт ижил цагт, ижил сувгаар, ижил агуулгатай мэдээлэл тараасан болохыг онцлон тэмдэглэж байна.
- Exam.net-ийн техникийн албан дүгнэлт:
Үндсэн сервер хэвийн ажилласан, хариу өгөх хугацаа стандартын дагуу (хэдэн зуун миллисекунд) байсан. Зурагнууд эхлээд Google Cloud-оос шууд татагдах ёстой боловч оролцогчдын интернэтийн хурд, сүлжээний дундах хязгаарлалт, Монголоос гарч буй өргөн зурвасын чадал зэргээс шалтгаалан зарим тохиолдолд зураг 4 секундийн дотор татагдаж амжаагүй. Ийм үед систем автоматаар нөөц “file proxy server” рүү шилжсэн.
- Цаашид авах арга хэмжээ
Exam.net-ийн зүгээс, зураг бүрийг дангаар нь дахин ачааллах (refresh) товч нэвтрүүлэх, нөөц file server-ийн даац, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ижил асуудал дахин давтагдах эрсдэлийг бууруулах системийн сайжруулалт хийхээр ажиллаж байна.
Зохион байгуулагчдын зүгээс дараагийн удаад зургийн файлуудыг шахаж, хэмжээг багасгах, шалгалтад орох цагийг шаталж хуваах, урьдчилсан туршилт, зааварчилгааг илүү өргөн хүрээнд зохион байгуулах
зэрэг засвар, сайжруулалтыг заавал хэрэгжүүлнэ.
- Дүгнэлт
Цахим орчинд улсын хэмжээнд, олон мянган сурагч оролцсон олимпиад зохион байгуулахад тодорхой эрсдэл, сорилт гардаг ч энэ удаагийн олимпиад нь цаашид илүү найдвартай, чанартай, зохион байгуулалт сайтай цахим олимпиад зохион байгуулах чухал сургамж боллоо.
Сурагчдаа идэвхтэй бэлтгэн, дэмжин оролцуулсан нийт газарзүйн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний ажил, шавь нарын тань сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Та бүхнийг хүндэтгэсэн, В. Батцэнгэл
Монголын газарзүйн олимпиадын хорооны дарга, МУИС-ийн профессор

